Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга Б.Баяраа сум оронд тохиолдож байгаа уул уурхайн хүндрэлтэй асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Дорноговь аймагт тохиолдож буй асуудлын талаар Байгаль орчин хамгаалах хуульчдийн холбоо, АМХЭГ-ын кадастрын албатай хамтран сэтгүүлчидтэй уулзсан юм.
Дорноговь аймаг нь 744.2 мянган га газар нутагтай. Нийт газар нутгийн 22.8 хувь нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд Нард багийн нутгийн Баруун цагаан дэл орчим, Сөрт, Тагт, Тэмээн шорвог, Талын гашуун, Бороодой, Хонгорын Район, Бужгар орчмын газрууд, Сайн Ус багийн Дай уул, Алтат, Нүдэн багийн Хайрт, Самартай орчмын газрууд ихээхэн эвдэрч сүйдсэн бөгөөд нөхөн сэргээлт одоог хүртэл огт хийгдээгүй байгаа аж. Анх 1973 оноос Монголросцветмет нэгдэл жонш олборлож эхэлснээс хойш одоог хүртэл уул уурхайн үйлдвэрлэл явагдаж байна. 2000 оноос хувийн хэвшлийн ААН, иргэд тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ оны байдлаар 71 тусгай зөвшөөрөл авсанаас 30 нь ашиглалтын, 41 нь хайгуулын зөвшөөрөл олгосон байна. Энэ нь нийт газар нутгийн 20 гаруй хувийг эзэлж байгаа аж. 2008 оны байдлаар 93 хувь нь олгогдсон байсан.
Монголросцветмет нэгдлийн зургаан том орд байгаагаас одоо зөвхөн Бужгарын ордыг ашиглах болжээ. Дай уул, Дүлий, Хайрт, Бортолгой, Бага Нардын ордууд нөөцөнд, харин Хонгорын ордын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан байна.
Дээрх газруудад нөхөн сэтгээлтийн ажил огт хийгдээгүй бөгөөд сум орон нутгийн зүгээс Монголын байгаль орчны хуульчдын холбоотой хамтран шүүхийн байгууллагад хандаж шийдвэр гаргуулснаар таван уурхайд нөхөн сэргээлтийн ажил хийхээр төсөв төлөвлөгөө гаргуулж ИТХТ-ээр хэлэлцүүлээд байна. Энэ нь өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн хийх ёстой байсан боловч одоог хүртэл нөхөн сэргээлтийг хийж эхлээгүй л байна.
Мөн Айраг сумын нутаг дэвсгэрт төмөр замын ачилтын талбай байгаатай холбоотойгоор Дундговь, Хэнтий аймгийн зарим уурхай, зэргэлдээх Даланжаргалан сумаас хүнд даацын автомашинаар тээвэрлэлт хийдгээс зам ихээр сүйдэж хөрсний эвдрэл тоосжилт бий болжээ. Сумын төвийн баруун хойно төмөр замын гаалийн ачих буулгах талбай байрласнаас агаарын бохирдол их гарах зэрэг асуудлууд тулгараад байгаа аж. Иймд удаа дараа төмөр замын удирдах дээд байгууллагад нь нүүлгэн шилжүүлэх тухай албан бичгээр хандсан боловч одоог хүртэл шийдвэрлэж чадаагүй байна.
Энэ мэт асуудлыг шийдвэрлээгүйн улмаас эдгээр ААН-үүд болон иргэдийн хооронд зөрчил маргаан их гарах болжээ. Мөн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаж ажилладаггүйгээс 2003-2009 онд золгүй учралаар болон шороонд даруулж хүнд бэртэж гэмтэх явдал байнга гарч, 14 хүн амь насаа алдсан байна.
No comments:
Post a Comment